Friday, April 29, 2011

Амьдрал жигдэрсээр

Өнгөрсөн долоо хоногоос хотын амьдрал улам сэргэн идэвхжиж байна.

Энэ сарын 25-наас Сэндай-Токиогийн суман галт тэрэг ажиллаж эхэллээ.

Тохокү их сургуулийн Япон оюутнуудийн хичээл эхэллээ.

Эзэн хаан хатан хоёр хотын өмнөд хэсгээр гамшигт нэрвэгдсэн оршин суугчидтай ирж уулзаж, амь үрэгсэдэд газар дээр нь эмэгнэл илэрхийллээ.

Тохокү их сургуулийн эмнэлэгт 2 дахь удаагаа уушиг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдлээ.

Гадаад оюутнууд нэлээд их ирсэн байна. Монгол оюутнуудаас маань ч гэсэн иржээ.

Өдөр болгон газар хөдлөх тоо болон хүч нь одоогоор эрс сулараад байна!

Sunday, April 17, 2011

Сакура дэлгэрлээ

Сэндай хотод сакура дэлгэрлээ. Эрт дулаарч нэг долоо хоногоор урьтаж сакура дэлгэрч байх шиг байна. Сакуран баяр их гамшгийг давахад хандив цуглуулах, стрессээ тайлах, үргэлжлэн байгаа чичэрхийлэлээс зайлсхийх гэх мэтчилэн олон ач холбогдолтой арга хэмжээтэй хослуулан зохион байгуулж байна.




Monday, April 11, 2011

Ослын түвшин 7-д хүрлээ!

Фүкүшима дахь атомын цахилгаан станцын ослын улмаас хүний болон байгаль орчинд хортой их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсантай холбогдуулан олон улсын стандартаар ослын түвшинг 7 хэмээн тогтоохоор шийдлээ! Энэ нь 1986 онд болсон Чернобэлын ослын түвшинтэй ижил буюу хамгийн өндөр түвшин юм. Энэ талаар өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийх юм байна.

Эх сурвалж:
http://www3.nhk.or.jp/news/html/20110412/t10015249911000.html

Газар хөдлөлт үргэлжилсээр!

Өчигдөр оройноос 3-5 баллаар газар хөдлөлт хэд хэдэн удаа боллоо. Их гамшиг болсноос хойш 1 сар өнгөрч байгаа энэ өдөр Фүкүшима мужид 17:17 минутанд газар хөдлөлтийн төвдөө 7.0 баллаар газар хөдөлж Сэндай хотод 4-5 баллаар газар хөдөллөө. Дагалдах газар хөдлөлт үргэлжилсээр байгаа тул анхаарал болгоомтой байхыг анхааруулж байна. Ялангуяа барилгууд хэврэгшиж, нураж болзошгүй анхааруулж байна!

Sunday, April 10, 2011

Өнөөдрийн төрх

Өнөөдөр Сэндай хотын төвөөр явлаа. Энэ сар гарсаар оршин суугчид нэлээд эргэж ирсэн болтой. Ямагата уруу дүрвэгсдийн цуваа эрс буурсан байна. Сэндай буудал хөл хөдөлгөөн ихтэй байгаа ч засвартай, суман галт тэрэг яваагүй байна. Гадаадаас хүнс нийлүүлдэг дэлгүүр ажиллаж байна. Ёдобаши камера дүүрэн хүнтэй, хүмүүс эвдэрч хэмхэрсэн зүйлсээ нөхөн худалдан авч байгаа болтой. Хотын төвийн цэцэрлэгт дуучид дуу дуулан гамшгийг хамтдаа даван туулцгаая хэмээн төрөлх хотдоо иржээ. Хүмүүс одоо газар хөдлөлтөнд нэлээд тэсвэртэй болоод 7-ны газар хөдлөлтөөр тэгтлээ дүрвэсэнгүй болтой. "Бид шантрахгүй, Тохокүчүүд зүтгээд!" гэсэн уриатайгаар гамшгийг сөрөн зогсож байна. Явах явцдаа авсан зураг болоод дүрс бичлэгийг хавсаргаснаас тодруулна бизээ!










Thursday, April 7, 2011

Дахин хүчтэйгээр газар хөдөллөө!

Өчигдөр орой 23:32 минутанд төвдөө магнитын 7.4 балын хүчтэй газар хөдлөлт боллоо. Сэндай хотод 6 балаар хүчтэй хөдөлж, цахилгаан зарим хэсгүүдэд тасарч, 4-р зам хагарч, олон хүн гэмтсэн байна!

Энэхүү газар хөдлөлтийг 3-р сарын 11-ны их хөдлөлтийн дараах дагалдах газар хөдлөлт гэж үзэж байна.

Үүний уршгаар Сэндай хотын хийн түлшний сэргээлт дахин саатаж хойшиллоо.

Төрсөн нутгийн үнэ цэнэ

Гурван гамшиг хавсарсан нутгийн Япончууд энэ л нутагтаа дахин урьдын адил амьдралаа сэргээнэ хэмээн зурагтаар байнга ярьцгааж байна. Хамт ажилладаг Японд "Орон гэргүй болсон энэ хүнд үед түр оршин суух боломж бүхий Сэндай хотын байрнуудад нүүж ирвэл боломж байх шиг байна" гэхэд тэрбээр "Нутгийн оршин суугчид, ялангуяа настайчууд тэр л нутагтаа амьдралаа сэргээнэ гээд ирэхгүй байгаа талтай" гэлээ. Нээрээ л "Монголчууд аа! Тайван байцгаа!" гэж Япончууд хэлээд байх шиг...

Wednesday, April 6, 2011

Шатдаг хий тасарсан хэвээр

Ихэнх байрнуудад шатдаг хийн түлшний нийлүүлэлт бүрэн сэргээж чадаагүй байна. Иймээс усанд орох болон хоол ундаа хийж идэхэд бэрхшээлтэй байна!

Гэхдээ дэлгүүрүүдэд зөөврийн шатдаг хий болон зуух худалдаалагдаж байна.

Tuesday, April 5, 2011

Хотын өнөөдрийн зураглал



Далайд хортой ус орохыг зогсоолоо!


Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас далайд алдагдаж байсан хортой усны гоожилтыг 1500 литр шингэн шил цутгаж өнөө өглөө 5:38-д зогсоосон байна.

Эх сурвалж:
http://www3.nhk.or.jp/daily/english/06_10.html

Цэзиум илэрлээ!


Фүкүшиматай залгаа муж болох Ибараки мужид жижиг загасанд цөмийн идэвхт бодис цэзиум хэвийн хэмжээний хязгаар болох 500 бэкрүлээс хэтэрч 526 бэкрүл хүрсэн байна. Цэзиумийн хагас задралын хугацаа 30 жил болно!

Эх сурвалж:
http://www3.nhk.or.jp/daily/english/05_34.html

Sunday, April 3, 2011

Их хот эл хуль хэвээр





Сэндай хотын гэрэлтүүлэг чийдэнгүүд асаж байгаа ч хотын байрнуудын хүмүүс оршин суудаг байрны гэрэлтэй цонхнууд болон хотоор холхих хүмүүс эрс цөөрснөөс их хот эл хуль байна.

Үйлчилгээний газрууд нэлээд ажиллаж байна. Тухайлбал Сэюу дэлгүүр нээлттэй ажиллаж байна. Манай хөрш айлуудын хувьд бол байсаар байна. Энүүхэнд байдаг өвөө эмээ хоёр гоймонгийн хоолны газраа ажиллуулаад байж байна. Яах аргагүй ажил амьдралаараа эндээс холдох аргагүй хүмүүс ажилласаар, амьдралыг сэргээхээр зүтгэсээр байх шиг санагдлаа.

Сэндай хүртэл суман галт тэрэг явахгүй байна. Автобус, галт тэрэг болон онгоцны аль нэгээр зорчих боломжтой байна.

Хүчтэй газар хөдлөлтийн дараах чичэрхийлэлт намдаж байгаа ч үе үе газар хөдөлсөн байдалтай байна. Гэхдээ эхний үеийнхээсээ илт буурсан байна. Харин нөгөө цөмийн идэвхт бодисын аюул өнөө болтол бүрэн шийдэж чадахгүй үргэлжилсээр байна.

Хотын байдлыг харуулахаар зарим нэгэн шөнийн сүүдэр хавсаргалаа. Сүүдрүүдийг гар утсаар авсан тул чанар сайнгүй гарсан болно.